Зөвхөн Японд хэрэглэж буй эмчилгээний аргыг Монголд нэвтрүүлж байна

Зөвхөн Японд хэрэглэж буй эмчилгээний аргыг Монголд нэвтрүүлж байна

Элэгний хатуурал өвчний үеийн улаан хоолой, ходоодны судасны өргөсөлт, цус алдалтыг эмчлэх Монгол, Япон эмч нарын хамтарсан анхдугаар сургалт “УБ Сонгдо” эмнэлэг дээр боллоо. Долоодугаар сарын 23-24-ний хооронд болсон сургалтын ач холбогдол болон судасны цус алдалтыг эмчлэх Японы туршлагын талаар “УБ Сонгдо” эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулга, Фүкүшимагийн анагаахын сургуулийн эмнэлгийн Дурангийн тасгийн захирал, дэд профессор “Такуто Хикичи” нараас тодрууллаа.

-Улаан хоолой, ходоодны судасны өргөсөлт, цус алдалтыг эмчлэх арга нь юу байдаг юм бэ?

/А.Баттулга/ -Элэгний хатуурлын улмаас хураагуур судасны өргөсөлт үүсэж улмаар цус алдах хүндрэлтэй тулгардаг. Энэхүү хүндрэлийн улмаас амь нас эрсдэх тохиолдол нь элэгний хатуурлын дараах хүндрэлийн 40 орчим хувийг эзэлдэг.

2006 оноос хойш бид цус алдуулахгүй байх зорилгоор болон цус алдаж байх үед судсыг боох эмчилгээ хийдэг байв. Тус эмчилгээ нь цус алдалтыг тодорхой хэмжээгээр бууруулдаг боловч боосны дараа дахилт гарч байсан тул өөр арга хэрэгтэй болсон. Харин Япончуудын 1960-аад онд анх санаачлан гаргасан “судас бөглөж хатууруулах эмчилгээ” нь боосны дараа дахилтын тоог багасгадаг сайн арга юм. Өмнө боох эмчилгээ хийсэн өвчтөнүүдийн 80 хувь нь дахин эмчилгээ хийлгэдэг байсан. Тэгвэл Япончуудын аргыг хэрэглэснээр дахин эмчилгээ хийлгэх магадлал 30 хувь ба түүнээс бага хэмжээнд хүрч буурсан.

-Элэгний хатуурал өвчин Японд ямар түвшинд байдаг вэ? Үүнийг мөн Монголын нөхцөл байдалтай харьцуулбал?

/Такуто Хикичи/ -Японд элэгний хатуурлын 65 хувь нь С вирус, 15 хувь нь В вирусээс, 12-13 хувь нь архинаас шалтгаалдаг байсан. Харин тус вирусүүдийн эсрэг эмчилгээг сайжруулснаар В, С вирусээс шалтгаант элэгний хатуурал буурсан ч архинаас шалтгаалсан элэгний хатуурлын хэмжээ ихэссэн буюу 18 хувьд хүрсэн. Үүн дээр нэмээд таргалалтаас шалтгаалсан элэгний үрэвсэл нь мөн элэгний хатуурал үүсгэдэг.

/А.Баттулга/ – Монгол улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг бөгөөд ялангуяа элэгний хорт хавдар, В, С вирусийн шалтгаант элэгний хатуурал зэрэг өвчин нэлээд элбэг тохиолддог. Элэгний өвчний сүүлийн үе шат болох элэгний хатуурлын улмаас жил бүр олон хүн нас бардаг. Энэ нас баралтад хүргэж буй нэг томоохон шалтгаан бол элэгний хатуурлын улмаас үүссэн улаан хоолой ходоодны өргөссөн судаснаас цус алдах хүндрэл байдаг.

Хэдийгээр бид улаан хоолой ходоодны цус алдалтыг тэр даруйд нь дурангаар зогсоох эмчилгээ хийж байгаа боловч өргөссөн хураагуур судсыг дахилтгүйгээр устгах, бөглөх эмчилгээг хийж чадахгүй байна. Тийм учраас судсыг бөглөж хатууруулах эмчилгээний технологийг Япон улсын Фүкүшима Их Сургуулийн эмчилгээний аргаар мэргэшсэн эмч нар 2019 оны 7 сарын 23-24-ний өдрүүдэд ирж богино хугацааны онолын болон дадлагын сургалт зохион байгуулж буй юм.

-Өөр ямар орнуудад элэгний хатуурлын үеийн хүндрэлийг эмчлэх “судас бөглөж хатууруулах эмчилгээ”-ний аргыг хэрэглэдэг вэ?

-Тус эмчилгээг ихэвчлэн Азийн орнууд хэрэглэдэг. Учир нь Азийн элэгний хатуурал, үрэвслийн хэмжээ харьцангуй их. Гэхдээ Япончуудын хэрэглэдэг “судас бөглөж хатууруулах эмчилгээ”-ний арга өөр ямар ч улсад байдаггүй. Харин Хятад, Солонгос зэрэг оронд “судас бөглөж хатууруулах эмчилгээ”-ний арай өөр аргыг хэрэглэдэг.

МОНГОЛЧУУДЫН ХУРААГУУР СУДАСНЫ УРСГАЛ ХАРЬЦАНГУЙ ТҮРГЭН, ЭМЧИЛГЭЭ ХИЙХЭД АМАРГҮЙ

-Монгол Япон хүмүүсийн судасны өргөсөлт, цус алдалтын байдлын ялгаа нь юу вэ?

/Тукута Хикичи/ -Монголчуудын хураагуур судасны урсгал харьцангуй түргэн. Энэ нь эмчилгээ хийхэд амаргүй болгож байна.

-Тус эмчилгээний аргыг хэрэгжүүлснээр гарах үр дүнг юу гэж харж байна вэ?

/А.Баттулга/ -Судас боох эмчилгээг дангаар хэрэглэсэн үед судас дахих эрсдэл 85%, дахин цус алдах эрсдэл 35% байдаг. Тэгвэл судас боож хатууруулах эмчилгээтэй хавсран хэрэглэснээр судас дахих эрсдэл 30%, дахин цус алдах эрсдэлийг 10% хүртэл бууруулах үр дүнтэй бөгөөд хийх аргачлалын хувьд нарийн нийлмэл технологи юм.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа

-Баярлалаа

Эмч нар ийнхүү ярилаа. “УБ Сонгдо” эмнэлэгт элэгний хатуурлын үеийн цус алдах хүндрэлийн эмчилгээг арваад жил хийж ирсэн ба ялангуяа цус алдаж байх үеийн дурангийн судас боох эмчилгээг энэ хугацаанд 150 гаруй хүнд хийж өвчтөний амь насыг аварсан байна. Мөн цус алдах эрсдэлийг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 250 гаруй хүнд судас боох эмчилгээг хийжээ.

Гэвч дан судас боох эмчилгээ нь дахин судас үүсэх явдлыг эмчлэх боломжгүй учир Япон улсад хэрэглэгдэж байгаа дэвшилтэт технологи болох судас бөглөж хатууруулах эмчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлэх зорилгоор Японы өндөр зэрэглэлийн эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлгийн зардлаар урьж авч ирэн Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдийн эмч нартай хамт сургалт зохион байгуулж буй нь энэ аж.

Мэдээний эх сурвалж: shorturl.at/quwJ4

Leave a Reply

Your email address will not be published.