УБ Сонгдо эмнэлгийн Эмнэлзүйн захирал, Анагаах ухааны доктор Н. Оюунбилэг:

УБ-Сонгдо” эмнэлгийн Эмнэлзүйн захирал, Анагаах ухааны доктор (Ph.D) Н.Оюунбилэгтэй тус эмнэлгийн тусламж, үйлчилгээний ололт, амжилтуудын талаар ярилцлаа.

-Та эрүүл мэндийн салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ? 
-Би 1993 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөөд, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчийн мэргэжлийг эзэмшсэн. Ажлын гараагаа Дундговийн Адаацаг сумын эмнэлгийн салбарын эрхлэгч эмчээр 1.6 жил ажиллаад, Улаанбаатар хотод 103 буюу Түргэн тусламжийн төвийн чанарын менежер, дэд захирал хийж байв. Дараа нь Баянзүрх эмнэлгийн Ерөнхий эмч, НЭМГ-ын орлогч, хэлтсийн даргаар ажилласан. 2009 оноос АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилттэй хэрэгжсэн ММСС-ийн Эрүүл мэндийн төсөлд Халдвар бус өвчин, эрт илрүүлгийн багийн ахлагчаар,

УГТЭ-т энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Тархины харвалт, зүрхний шигдээсийн төв байгуулах төслийг удирдан ажиллаж байв. Дараа нь НЗДТГ-ын Эрүүл аюулгүй байдлын индексийн зөвлөх, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн ЭМСХХ-4,4 төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн жишиг Нэгдсэн эмнэлэг байгуулах төслийн менежерээр томилогдон ажиллаж, 46.4 сая ам долларын өртөгтэй Олон улсын жишиг эмнэлгийн төслийг удирдсан. Төсөл амжилттай хэрэгжиж, эмнэлгээ хүлээлгэн өгсний дараа би “УБ-Сонгдо” эмнэлэгт ирсэн дээ.

-Эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгж болох сумын эмнэлгээс эхлээд салбарынхаа бүх үе шат, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж туршлага хуримтлуулжээ. Таны бодлоор сайн эмч, сайн менежерийн аль нь эмнэлэг удирдвал илүү үр дүнтэй вэ? 
-Тийм ээ. Би эрүүл мэндийн салбарын бүх шатлалд ажиллаж байсан. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг удирдаж, зовлон жаргалыг нь ойлгож, ачааны хүндийг үүрэлцэж явсан. Эмнэлэг удирдахад менежмент чухал байдаг, сайн эмч эмнэлэг удирддаггүй. Ер нь сайн тархвар судлаач, эдийн засагч, эрүүл мэндийн болон эмнэлгийн удирдлагаар мэргэшсэн хүн эмнэлэг удирдах нь оновчтой санагддаг.

Эмнэлгийн алсын болон ойрын төлөвлөлт, үр ашиг, тооцоолол, тусламж үйлчилгээний чанар, үр өгөөж, техник технологи, за ер нь маш олон талын мэдлэг, чадвар, туршлага шаардаж байж эмнэлгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ. Сайн эмч бол эмчээ л хийх нь зөв. Эмч болгонд давтагдашгүй өөр өөрийн гэсэн чадварууд байдаг.

-Яагаад? 
-Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн Олон улсын стандарт хангасан жишиг эмнэлэг байгуулахад газар чөлөөлөх, барилгын суурь тавихаас эхлэн хариуцаж ажилласан. Мөн тэр эмнэлэгт суурилуулах эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, долоогоос доошгүй төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт ашиглагддаг бүхий л стандарт дүрэм журмыг  боловсруулж хэрэгжүүлэн ажиллах, орчин үеийн стандарт хангасан жишиг эмнэлэг бусдаас юугаараа ялгарах ёстой юм гэж бүхэлд нь харах ёстой.

Үйлчлүүлэгчид ээлтэй тав тухтай орчин, стандартын шаардлага хангасан барилга байгууламжтай байхаас гадна, гадаах талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтээс эхлээд олон шалгуур тавигдана. Эмнэлгийн удирдлагын баг тухайн эмнэлгийн засаглал, бие даасан байдал, эдийн засаг, санхүү, ЭМД-ийн зөв бодлого, орлогоороо эргэн санхүүжих менежмент гэх мэт олон талт үйл ажиллагааг уялдуулан зангидаж ажиллах ёстой.

-Та УБ Сонгдо эмнэлгийг яагаад сонгон ажиллах болов. Сонгдо эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ямар шинэчлэлтүүдийг хийж байна вэ? 
-УБ Сонгдо эмнэлэг 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Би 2015 онд Сонгдо эмнэлгийн  Чанарын албаны дарга хийж байсан. Дараа нь Олон улсын төсөлд ажиллах үедээ зайнаас хагас цагаар зөвлөхөөр ажилласаар байв. Төсөл ч дуусаж, 2023 оны гуравдугаар сард УБ-Сонгдо эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байна.

skip-share

Анагаах ухааны салбарт Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур хангасан эмнэлгийн стандарт, дүрэм журам Сонгдо-д хэрэгждэг.

2015 онд Сонгдо эмнэлгийн Гүйцэтгэх захирлаар Тайландын Вант улсын Dr Наринтара гэдэг хүн ажиллаж байлаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, удирдлага зохион байгуулалт нь Тайландын Бумрунград эмнэлгийн загвараар тусламж үйлчилгээг явуулж ирсэн. Бумрунград эмнэлэг нь Ази тивдээ Олон улсын JCI байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлэг бөгөөд дэлхийн топ эмнэлгүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Тэгэхээр анагаах ухааны салбарт Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур хангасан эмнэлгийн стандарт, дүрэм журам Сонгдо-д хэрэгждэг гэж ойлгож болно. Би 2015 онд энд ажиллаж байхдаа Тусламж үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдлын чиглэлээр Тайландын Бумрунград эмнэлэгт, дараа нь Казахстаны Олон улсын магадлан итгэмжлэлийн ACQH байгууллагын шинжээч бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж мэргэжил  дээшлүүлсэн. Мэдээж сурсан мэдсэнээ байгууллагынхаа үйл ажиллагаанд нутагшуулахыг л зорьж байна даа.

-Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурын нэг том бүлэг нь болдог  тусламж үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал гэдэг нь:
Нэгдүгээрт, өвчтөнийг зөв танихаас л эхэлнэ. Эмнэлэгт хэрэглэж байгаа эм, тарианы болон мэс заслын аюулгүй байдал, үйлчлүүлэгч эмнэлгийн орчинд унах, хальтрах, гулгах эрсдлээс хамгаалагдсан аюулгүй орчин, тогтолцоог нь бүрдүүлэх, аливаа алдаа зөрчлөөс байнга сэрэмжлэх, алдаа гарахыг завдсан, гарсан тохиолдолд алдаа мэдээлэх хуудсаар холбогдох ажилтан албанд мэдээлэх, мэдээллийн дагуу хариу арга хэмжээний төлөвлөлт авч хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дахин үнэлж шалгах гэх мэт чанарын тасралтгүй үргэлжлэх үйл явцад тулгуурласан цогц үйл ажиллагаа  юм. Тэр бүр нь тус тусдаа шалгууртай л гэсэн үг.

Манай улсын болон хувийн бусад эмнэлгүүдэд тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тогтолцоог хэрэгжүүлдэг ч гэсэн учир дутагдалтай. Харин Тайландын Бумрунград эмнэлгийн соёл, өвчтөний аюулгүй байдал, чанарын баталгаажилт зэрэг нь олон улсын стандартын түвшинд хүрсэн байдгаараа давуу талтай юм.

-Олон улсын стандарт хангасан ямар тусламж үйлчилгээнүүд Сонгдо эмнэлэгт хэрхэн нутагшсан талаар тодруулан тайлбарлана уу?
-Олон улсын өвчтөний аюулгүй байдлын зургаан зорилтын нэгдүгээрт бичигддэг “Өвчтөн таних тогтолцоо” манай эмнэлэгт бүрэн нутагшсан. Эмнэлгээр нэг өдөр 400 хүн үйлчлүүллээ гэхэд тэдэн дунд ижил нэртэй хүмүүс хэд хэд таарч болно. Нэр нэгтэй үйлчлүүлэгчдийн эмчилгээ, оношилгоо, мэс ажилбар зэргийг андуурахгүйн тулд ялгаж таних тогтолцоог 2013-2014 онд нэвтрүүлж, бүрэн нутагшуулсан.

-Өвчтөн таних тогтолцооны давуу тал нь юу вэ? 
-Эрсдэлгүй тусламж үзүүлэхийн тулд үйлчлүүлэгчийн овог нэр, ID дугаар, төрсөн он сар өдрөөс гадна өвчтөний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөр өөр өнгөтэй бугуйвч зүүлгэнэ. Манай эмнэлгийн бүх тасаг, нэгжид өвчтөн таних тогтолцоо хэрэгждэг. Өвчтөнд зүүлгэсэн бугуйвч олон өнгөтэй. Улаан бугуйвч зүүсэн өвчтөн бол эм эсвэл бусад хоол хүнсэнд харшламтгай гэдгийг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тэдний ар гэр асран хамгаалагчдад таниулж буй юм.

skip-share

“Зүрх мартахгүй” төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 960 хүүхдэд, сард дунджаар 20 гаруй хүүхдэд зүрхний мэс засал хийж байна.

Шар бугуйвчтай бол орноос болон явганаас унах эрсдэлтэй гэх мэтээр мэдээлэл өгөх 4-5 өнгийн бугуйвч бий. Хэрэв унах эрсдэлтэй хүн байвал палатны хаалган дээр нь унах эрсдэлтэй хүн тул орноос нь босгохдоо анхаарах зүйлс, ар гэрийнхэнд нь өгөх зөвлөмж, ариун цэврийн өрөө нь бариул болон түшлэгтэй байх, улавч шаахай нь гулгахгүй ултай, ор нь хаалт хашилттай байх гэх мэтээр хүн хүнд тохирсон аюулгүй орчин бүрдүүлдэг. Бугуйвчны өнгийг харсан сувилагч, тусламж үзүүлэгч өвчтөний унтахын өмнө орны бэхэлгээг шалгах, үйлчлүүлэгч бүх төрлийн тусламж авахдаа сувилагч дуудах товчлуур дарах гэх мэт ойлголтыг шууд авна гэсэн үг.

Олон улсын стандарт шаардлага хангасан тусламж, үйлчилгээ гэж энэ л дээ. Үүнийг хүн өнгөц харвал сайн ойлгохгүй. Өвчтөн зөв таних тогтолцоо бол хамгийн аюулгүй, эрсдэлгүй, баталгаатай, чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байгааг харуулах нэг үзүүлэлт л дээ. Үүнийг үр дүнг мэдэрсэн хүн бол дараа нь өөр эмнэлэг рүү явдаггүй, эмнэлгийн аюулгүй орчноо мэдэрсэн хүн эргээд ирдэг. Тиймээс манай эмнэлэгт хэвтэх хүсэлтэй иргэдийн хүлээлт их байдаг. Ачааллаа харвал эмнэлгийн барилга байгууламжийг тэлэх хэрэгцээ шаардлага хэдий нь бий болсон. Нөгөө талаас манай эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг илтгэх нэг үзүүлэлт гэж хардаг. Эмч нар маань “Салбар эмнэлгээ нээгээч” гэсэн хүсэлтийг удирдлагын багт үргэлж тавьсаар байна.

Бусад эмнэлгээс манайд ирсэн сувилагч нар эхэндээ “Сонгдо улсын эмнэлгээс их өөр юм байна” гэж ярьдаг. Тэр нь энд мөрдөгддөг олон улсын чанар, аюулгүй байдлын бодлого дүрэм журам бодитоор хэрэгждэг.

-Бусад эмнэлгээс ирсэн эмч, сувилагч, мэргэжилтнүүд “Сонгдо улсын эмнэлгээс өөр юм” гэж гайхдаг зүйл нь юу вэ?
-Тусламж үйлчилгээ үзүүлэх явцад өвчтөнд ямар нэг эрсдэл тулгарсан тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтнууд “Тохиолдол мэдээлэх хуудас” бичдэг. Чанарын албаны баг шалгаж магадлаад, эрсдэл үүссэн байвал эрсдэлийн эсрэг хариу арга хэмжээг цаг алдалгүй авдаг. Анх хэрэгжиж байхад учрыг сайн ойлгодоггүй, хэн нэгнээ матаж байгаа юм шиг хүлээж авдаг, үнэн зөв мэдээлэх нь ямар ач холбогдолтойг сайн ойлгодоггүй, нууж, хаацайлах хандлагатай байсан. Харин одоо аль болох олон тохиолдол мэдээлэх хуудас бичиж, асуудлаа хурдан шуурхай шийдвэрлүүлэх, нөгөө талаар ач холбогдол үр дүнг нь мэдэрсэн. Сонгдо эмнэлэгт энэ тогтолцоо бол хэвшил болсон.


Ямар ч топ эмнэлэгт алдаа гарч болно, гэхдээ алдахаас нь сэргийлэх тактик барьж ажилладаг. Мөн “Алдсан бол зэмлэхгүй” гэсэн журам бий. Жишээ нь,  ариутгалын уусмалыг буруу найруулсан алдаа гарч, үүнийг мэдээлсэн байлаа гэж бодъё. Иймд тохиолдолд алдаа гаргасан ажилтныг огт зэмлэхгүй. Энэ тал дээр илэн далангүй ярилцаж, алдах шалтгаан, тогтолцооны ямар гажуудал байгааг илрүүлж, гарц шийдлийг олдог. Дахин эрсдэл гарахаас сэргийлж ажилладаг тогтолцоотой.

-Олон улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн журам дүрмийг  нэвтрүүлэн ажиллаж байгаа Сонгдо эмнэлэг магадлан итгэмжлэлд орох болов уу?
-Шалгуурыг бүрэн нутагшуулахад хугацаа шаардана. Бид олон улсын магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Манай эмнэлэгт  олон улсын зөвлөхүүд санхүү, чанар, хүний нөөц, сувилахуйн  чиглэлээр зайнаас мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Одоогоор олон улсын стандарт жишгийг нутагшуулах чиглэлээр суурин ажилладаг нэг зөвлөхтэй.

-Танай эмнэлэгт Монголд шинээр нэвтрүүлсэн ямар эмчилгээнүүдийг хийж байна вэ?
-Сонгдо бол мэс заслын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг. Би ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт Анагаахын шинжлэх ухааны технологи инноваци, Анагаах ухааны ёс зүй хариуцсан мэргэжилтнээр 2014-2015 онд ажиллаж байв. Шинжлэх ухаан технологийн сангаас зарладаг төслүүдийг аль болох Монголд оношлогдох, эмчлэгдэх боломжгүй 30 гаруй төрлийн өвчний жагсаалтаар эдгээр өвчнийг эмчилдэг болохын тулд эмч мэргэжилтнээ бэлтгэх, тоног төхөөрөмжөө сайжруулах төслийг дэмждэг, бүхий л анхаарлаа чиглүүлдэг байсан. Тэрхүү бодлого, зорилтуудын үр дүнд одоо уг жагсаалтад байгаа өвчний тоо 26 болж буурсан. Сонгдо эмнэлэгт энэ 26 өвчнөөс зүрх судасны эмгэгээс 4-5-ыг нь оношилж, бүрэн эмчилдэг болоод байна.

-Жишээлбэл ямар өвчний улмаас гадаадад эмчлүүлэх заалттай өвчтөн Сонгдо эмнэлэгт ирээд асуудлаа шийдүүлсэн бэ? 
-Цусны даралт ихдэх хүнд хэлбэрээр өвчилсөн зүрхний гол судасны урагдалтай, даралт байнгын өндөр онгоцоор явах боломжгүй, тээвэрлэлтийн үед хүндрэл үүсч амь нас эрсдэх аюултай өвчтөнд манай эмч нарын баг солонгос эмч нарын багтай хамтран хагалгааг амжилттай хийсэн. Бид зүрх, цээжний хөндийн мэс засал, бөөр шээс бэлгийн замын өвчлөл эмэгтэйчүүд өвчлөлийн чиглэлээр БНСУ-ын EWHA эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг үзэглээд байна.

skip-share

Монголд оношлогддоггүй, эмчлэгддэггүй 20 гаруй төрлийн өвчин эмгэгийн тоог бууруулах нь зөвхөн улсын бодлого, зорилт биш, томоохон хувийн хэвшлийн эмнэлгүүд тэргүүлэн манлайлах хэрэгтэй.

Хавдрын чиглэлээр Тайландын Бумрунград эмнэлгийн Хавдрын салбартай хамтын ажиллагаатай. Тайланд зөвлөхүүдээс чиглэл, чиглэлээр зөвлөмж авч ажилладаг. Бумрунград эмнэлгийн Төлөөлөгчийн газар манай эмнэлэгт ажиллаж байна.

-Иргэдийн дунд эмнэлгийг сонгож очихоос илүүтэй эмч, мэргэжилтнүүдийг нь сонгож очдог гэсэн яриа хэр үндэслэлтэй вэ?
-Санал нийлнэ ээ. Эмч нар маань ОХУ, Англи, Америк, БНСУ, БНХАУ, Япон, Куба зэрэг улсад мэргэжил эзэмшсэн болон мэргэжил дээшлүүлсэн. Манай эмнэлэг үндсэн болон гэрээт, зөвлөх 60 орчим эмчтэй. Салбартаа танигдсан, мэдлэг, ур чадвартай эмч нарын баг ажиллаж байна. Миний хувьд өндөр ур чадвартай эмч, мэргэжилтэн, доктор, профессоруудыг зангидаж, чиглүүлэхийн тулд удирдлагын олон ур чадварыг ашиглах шаардлага гардаг.

-Сонгдо эмнэлгийн тусламж үйлчилгээний цаашдын чиг хандлага ямар байх вэ? 
-Монголд оношлогддоггүй, эмчлэгддэггүй 20 гаруй төрлийн өвчин эмгэгийн тоог бууруулах нь зөвхөн улсын бодлого, зорилт биш, томоохон хувийн хэвшлийн эмнэлгүүд тэргүүлэн манлайлах хэрэгтэй. Иймд Сонгдогийн чадварлаг эмч, мэргэжилтнүүд оношилгоо, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, техник технологид түшиглэн, ирээдүйн чиг хандлага, эрэлт хэрэгцээгээ мэдрэн ажиллах, үе шаттайгаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд бий. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувийн эмнэлгийн үүрэг, оролцоог үлгэрлэн харуулсаар ирсэн, цаашдаа ч харуулсаар байх болно.

-Тусламж үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэх чиглэлд 2023 онд тавьсан зорилт нь юу байв? 
-Энэ онд зүрхний мэс засалд төвлөрч ажилласан. Хүүхдийн зүрхний мэс заслын эмчилгээг гадаад руу тэлж, хөрш зэргэлдээх улс орнуудын өвчтнүүдэд тусламж үзүүлсэн. тухайлбал, Киргиз, Тува, Казакстаны хүүхдүүдэд зүрхний мэс засал амжилттай, үр дүнтэй хийж байна. “Зүрх мартахгүй” төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 960 хүүхдэд, сард дунджаар 20 гаруй хүүхдэд зүрхний мэс засал хийж байна. Зүрхний титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ, зүрхний төрөлхийн гажгийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээг амжилттай хийж байна. Түүнчлэн бөөр шээс, бэлгийн замын нөхөн сэргээх оношилгоо эмчилгээ, бамбай булчирхайн радио давтамжит эмчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна даа.

Бамбай булчирхайн зангилааг өмнө нь шууд тайрч авах мэс засал хийдэг байсан бол одоо технологи хөгжиж эрхтэнийг аль болох үлдээх, эрхтэний хэвийн ажиллагааг хадгалах, хагалгааны дараа эргэн сэргэх боломжийг эрэлхийлдэг болсон. Мөн мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний асуудал гэх мэт. Эрхтэн бүхэн өөрийн гэсэн үүрэг үйл ажиллагаатай, гоо сайхантай шүү дээ.

-Дурангийн оношилгоо болон мэс заслын тусламж авахаар Сонгдог зорих хүмүүс олон байдаг юм билээ? 
-Тийм ээ. Дурангийн оношилгоо, эмчилгээгээр Монголдоо тэргүүлдэг. Дурангийн оношилгоо болон мэс засалд орох хүсэлтэй үйлчлүүлэгчдийн хүлээгдэл их байдаг нь нууц биш ээ. Манайхыг зорьдог урсгал нь эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хандлагатай холбоотой. Сүүлийн хоёр жилд унтуулгатай дурангийн оношилгоо, эмчилгээ эрчимтэй хийгдэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болох өвдөлтгүй, биед таатай байдлаар авахыг үйлчлүүлэгчид хүснэ, анагаахын шинжлэх ухаан ч энэ чиглэл рүү үсрэнгүй хөгжиж байна л даа. Тэр ололт, давуу талыг манай эмнэлэг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Эрэлт хэрэгцээгээ дагаад тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслүүд тасралтгүй шинэчлэгдэж байдаг.

Сонгдо-гийн тусламж үйлчилгээний чанар сайн учир иргэд дахин ханддаг гэж Та хэллээ. Дахин хандаж байгаа өвчтөний шалтгааныг судалж үзсэн болов уу? 
-Бид үйлчлүүлэгчдийнхээ дунд манай эмнэлгийг сонгон ирж үйлчлүүлдэг шалтгаан, тусламж үйлчилгээний чанар, сэтгэл ханамж, эмчилгээний үр дүн гэх мэтээр олон талын судалгааг байнга л хийдэг. Хэрэв өмнө нь эмчлүүлсэн оношоороо хэвтвэл бид учир шалтгааныг судалж, бидний тусламж үйлчилгээний чанар, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар уу, юунаас болсныг олж тогтоодог. Тэр нь эргээд ажлын гүйцэтгэлд /KPI/ нөлөөлдөг учир эмч, мэргэжилтнүүд чанаргүй тусламж үйлчилгээ үзүүлэхгүйн төлөө ажилладаг.

Манай үйлчлүүлэгчдийн хувьд оношилгоо эмчилгээ нь хангалтгүй болоод дахин дахин хандсан уу гэвэл үгүй. Хоол боловсруулах замын асуудлаа бүрэн шийдүүлсэн бол дараагийн удаа бөөр, шээсний замын эмгэгээ эмчлүүлэхээр хандах жишээтэй. Үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаа учраас дахин дахин ирдэг юм.

-Манай иргэдийн эрүүл мэндийн түвшин доогуур байгаа учир улсын болон хувийн эмнэлгийн ачаалал их байна уу гэж харах нэг өнцөг бий. Аль болох өвдөхгүй байх талаас нь Та ямар зөвлөмж өгөх вэ? 
-Манай улсын нийгмийн эрүүл мэндийн бодлого, хөгжлийн хувьд өндөр хөгжилтэй орнуудаас 20-30 жилээр хоцорч явна. Төр нь ч, хувь хүн ч аль болох өвчнөөс урьдчилан сэргийлэх аливаа өвчнийг үүсгэдэг эрсдэлд хүчин зүйлийг таслан зогсоох, өвдөхгүй байх, эрүүл амьдралын хэв маягт сургах, иргэд нь суралцах ёстой юм. Эрүүл байх хэдхэн үндсэн зарчим бий. Идэвхтэй хөдөлгөөн хийх, зөв хооллох, архи тамхины хэрэглээ зэрэг хорт зуршлаас ангид байх, стрессгүй амьдрах зэрэг хэдхэн зүйл байдаг.

Энэ талаар иргэдэд мэдлэг олгох ажлыг төр бүх шатанд орхигдуулсан, хөрөнгө мөнгө зарцуулдаггүй. Засгийн газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний болон дэд хөтөлбөр төсөл, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлдэг боловч санхүүжилтийг хангалттай, үндэслэл тооцоололтой төсөвлөдөггүй учир ямар ч сайхан арга хэмжээнүүд төлөвлөөд хэрэгждэггүй. Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсрол дулимаг учир өвддөг, өвчлөлийн эрт үед эмнэлэгт ханддаггүй, сүүлийн шатанд орж хүндэрсэн хойноо эмнэлэгт хандах нь дийлэнх байна шүү дээ.

 

https://gogo.mn/r/qkllm?fbclid=IwAR1mmI9V_T-bIt_5vwdXIT2JZRwzYQ5Q705b5yDx2e8Tr1s4vwYBkZVx-HI

Leave a Reply

Your email address will not be published.